Мэдээлэл
Шинэ төрсөн нярайн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
Нярай үе- Төрсний дараах амьдралын эхний 28 хоногийг хэлнэ. Нярай үеийг эрт ба хожуу нярай үе гэж хуваан үздэг.
Эрт нярай үе – Төрсний дараах эхний 7 хоногийг хэлнэ.
Хожуу нярай үе – Амьдралын 8 хоногоос 28 хоногийг дуустал үргэлжилнэ.
Нярайн дасан зохицолт
Нярай эхээс мэндэлмэгц агаарын даралт, орчны температур, дуу чимээ, хүрэлцэхүй, нянгийн зэрэг огт өөр гадаад орчинд ордог. Энэ гадаад орчинд дасан зохицохын тул нярай хүүхдийн бие махбодод тодорхой хугацаанд гарч байгаа өөрчлөлтүүдийг нярайн дасан зохицолт буюу нярайн эрүүл эмгэгийн зааг байдал гэж нэрлэдэг.Энэ өөрчлөлтүүд нь нярайг зөв асарч сувилбал хэсэг хугацааны дараа арилдаг. Гадаад орчны таагүй нөхцөл, жирэмслэлтийн явц, төрөлтийн хүндрэл, асаргааны доголдлоос энэ нь эмгэг байдалд шилжин өвчин үүсэхэд хүргэж болно.
Физиологийн жин бууралт. Төрсний дараа нярайн биеийн жин 6% орчим буурч 3-4 хоногийн дараагаас аажмаар нэмэгдэн ихэнх нярайд 7-8 хоногтойд жингээ нөхөн төрсөн жиндээ хүрнэ.Зарим нярай төрсөн жингээ 10 хоногтойд нөхнө. Нярайг эрт /төрөөд 1 цагийн дотор/ амлуулах, хүссэн үед нь аль болох удаан хөхүүлэх нь жингийн алдагдлыг бууруулна.
Төрлөгийн хавдар. Төрөлтийн үйл явцаас шалтгаалан нярай хүүхдийн толгойд хавдар үүсч хавагнах ба 3-4 долоо хоногт шимэгддэг. Энэ үед хүүхдийн байрлалыг ээлжлэн өөрчилж хэвтүүлж байгаарай.
Арьсны гуужилт. Төрсний дараах хэд хоногт арьс гууждаг. Гуужилт их бол зориулалтын биеийн тосоор тосолно.
Хордлогот улайлт. Нярайн биеэр улаан, голдоо цагаан толгойтой тууралтууд гардаг.Энэ нь эхийн сүү болон бусад бодисоор дамжин орсон уурагт өгч буй харшлын илрэл юм.. Төрсөн эх харшил өгч болох хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй байвал онцгой эмчилгээ шаардагдахгүй. Үүнд: өндөг, шоколад, консервлэсэн бүтээгдхүүн, жүрж, нимбэг хэрэглэхгүй байвал зохино.
Физиологийн шарлалт. Төрсний дараах 2-3 хоногт арьс салст шарлаж эхлэн 3-4 хоногт илүү тодордог. Энэ үед хүүхдийн биед зовуургүй, хөх нойронд сайн, гарын алга ,хөлийн ул шарладаггүй, баас шээсний өнгө өөрчлөлтгүй байдаг. Нярайг эрт амлуулах, хөхөөр сайн , хүссэн үед нь хооллох нь шарлалтыг бууруулна. Физиологийн шарлалт 7-10 хоног үргэлжилнэ
Эцэг эхчүүдийн асуултын хариу
2. Ам юунаас болж өнгөртдөг вэ?
3. Хүүхдийн ам халдварт өртсөнөөс үүснэ. Энэ нь эхээс төрөх үед эхээсээ эсвэл бохир гар болон эд зүйлсээр дамжин халдварлагдсан байдаг. Антибиотик мөн нөлөөлнө. Ам гэмтсэн үед завьж, уруулын дотор талд цагаан өнгөтэй өнгөр болон жижиг зүйлс гарсан байдаг. Энэ үед мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд амархан намддаг, хөхнийхөө толгойд ч мөн түрхэх хэрэгтэй. Хүүхдийн угж, хөхлүүр, аяга халбагыг буцалгана. Ариутгах бодист мөөгөнцөр үхдэггүй.
Эрүүл нярай хүүхдийн амны салст бүрхэвчийг цэвэрлэх шаардлагагүй. Учир нь салст бүрхэвч нь амархан гэмтдэг. Хэрэв амны салст, хэл тагнай, завьжаар цайвар шаргал өнгөр тогтсон бол 2%-ийн содын уусмал, 5%-ийн усанд уусгасан нистатины уусмалаар арчиж цэвэрлэнэ.
4. Нярай хүүхдийн хөхөнд сүү орвол яах вэ?
5. Охин, хүү аль нь ч бай хөх нь ялимгүй томорч, сүү маягийн бага хэмжээний цэхэр шингэн ялгарна. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөлснөөс үүсдэг. Харин түүнийг дураараа шахаж оролдох, саах, бохир гараар хүрч болохгүй, хөхийг цэвэр байлгах нь маш чухал.
Нярай хүүхэд амархан зогисох, мөн найтаадаг энэ нь ямар учиртай вэ?
Нярай хүүхэд ойр ойрхон найтаах бас зогисох үед нь санаа зовох хэрэггүй. Цээжний хөндийг хэвлийн хөндийгөөс тусгаарлаж байдаг булчинлаг өрц нь сайн хөгжөөгүй тул зогисох тал бий. Зогисох, найтаах нь хүүхдэд өөрт нь ямар нэг зовиур, хүндрэл авчирдаггүй. Харин томчууд бид нар үүнийг сонсох дургүй тул заавал ямар нэг юм уулгах гээд эсвэл өлсөөгүй байхад нь хүчээр хөхүүлэх гээд байдаг нь дэмий юм. Найтаах учир нь насанд хүрсэн биднийх шиг хамранд нь үс байдаггүй тул тоос, шороо, хуурай агаараас болоод амархан найтаадаг. Гэхдээ энэ нь амьсгалын зам хамраа цэвэрлэж байгаа арга нь юм.
6. Нярай охин хүүхдийн бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгадас гардаг, үүнийг яах ёстой вэ?
7. Охин хүүхдийн бэлэг эрхтэнээс цусархаг болон цагаан өнгийн бага хэмжээний ялгадас гарч болно. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөлсний улмаас гардаг. Тиймээс энэ үед сандарч тэвдэн ямар нэг эмчилгээ хийх гэсний хэрэггүй, буцалсан бүлээн усаар урдаас арагш чиглэлтэй угааж, маш цэвэрхэн хөвөн даавуугаар арчина.
8. Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулах шаардлагатай юу?
9. Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулах шаардлагатай. Учир нь нярай хүүхдийн арьс маш их арчилгаа шаарддаг. Ялангуяа дөнгөж төрсөн хүүхдийн арьс маш эмзэг байдаг. Дөнгөж төрсөн хүүхэд хоногт 12-15 удаа шээж, 6-8 удаа баадаг . Арьс нь хамгаалах эрхтэнээс гадна амьсгалах эрхтэн учраас байнга цэвэр байлгах ёстой. Мөн усанд оруулах нь чийрэгжүүлэх ач холбогдолтой.
10. Нярай хүүхэд хэзээ баасаа хураадаг вэ? 2-3 хоног баахгүй байвал яах вэ?
11. Нярай хүүхэд 1 сартайгаас баасаа хурааж эхлэх ба 2-3 хоног хэвийн баахгүй байж болно. Хэрэв гэдэс дүүрч, хүүхэд тайван бус байдал илэрвэл түрүүлэг нь харуулж хэвтүүлэх, шулуун гэдсийг цочроож баалгах хэрэгтэй. Баахгүй байвал эмчид хандаарай.
12. Нярай хүүхэд уйлах шалтгаанууд юу вэ?
13. Бүх хүүхэд л уйлдаг. Гэхдээ ямар ч шалтгаангүйгээр уйлахгүй, өөртөө таагүй байгаа байдлаа уйлж илэрхийлдэг. Хүүхдийн уйлах шалтгаан олон. Тухайлбал: өлсөх, ганцаардах, даарах, халууцах, шээс баастай даавуу, өмдтэй байх, ядрах, өвдөх, цочих, айх зэрэг үед уйлдаг.
14. Хүүхэд яагаад гулгидаг вэ?
15. Нярай ба хөхүүл насны хүүхэд гулгих нь их байдаг нь дараах анатомийн онцлогтой холбоотой. Үүнд ходоодны амсрын хуниурын дутуу хөгжил, ходоодны хөндлөн байршил, хэвлийн хөндийн өндөр даралт/гэдэс дүүрэх/ нөлөөлдөг. Гулгилт үүсэх 2 том шалтгаан нь хэт их хооллох, агаар залгих.
Хэт их хооллолтын үед хооллож дууссаны дараа хүүхэд бага хэмжээтэй ээдсэн, эсвэл хагас ээдсэн сүүгээр гулгидаг. Энэ үед хөхөө зөв хөхүүлэх, нэг удаагийн хооллох хугацааг багасгах, эсвэл хөхөө саагаад дараа нь хөхүүлэх аргуудыг ашиглана.
Агаар залгих нь хэт цочромтгой хүүхдэд хүүхдэд амьдралын 2-3 долоо хоногоос эхлэн үүсэх буюу эсвэл сүү багатай хөх, хөхний сүү садарч гарах, угжны шилийг хэвтээ байрлуулах, хөхөө буруу өмхүүлэх, хүүхдийн булчингийн ерөнхий сулралын үед үүсэж болно. Агаар залгисан тохиолдолд хооллосны дараа 5-10 мин болоод өөрчлөгдөөгүй сүүгээр гулгих буюу энэ нь гадагшилж буй агаарын чанга дуу чимээтэй хосолдог. Энэ үед хооллолтын техникийг хэвийн болгох нь чухал ач холбогдолтой. Хооллосны дараа хүүхдийг 15-20 мин турш босоо байрлалд тэвэрнэ.
16. Нярай яагаад бөөлждөг вэ?
17. Хоол боловсруулах зам, ихэвчлэн ходоодонд агуулагдсан зүйлс ам хамраар аяндаа маш эрчимтэй гадагш хаягдан гарахыг бөөлжилт гэнэ. Ходоод гэдэсний замын хямрал, ходоод гэдэсний бус шалтгаантай байдаг бөгөөд эмчийн зөвлөгөө авах ёстой.
18. Нярайн шарлалт юунаас болж үүсдэг вэ?
19. Цусан дахь билирубины хэмжээ ихэссэнээс шарлалт үүсдэг. Цусан дахь билирубины хэмжээ олон шалтгааны улмаас ихэсдэг ба энэ нь бие махбодын бодисын солилцоо, элэг, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд гүнзгий өөрчлөлт гаргах аюултай учир нярайн шарлалтын шалтгааныг эрт тодруулж, зөв эмчлэх нь хүүхдийн эрүүл мэнд, цаашдын тавиланд чухал ач холбогдолтой.
20. Фото эмчилгээний ач холбогдол
21. Шарлалттай нярайд орчин үед эмийн бус эмчилгээг өргөн хэрэглэх болсон ба энэ нь фото эмчилгээ юм. Цусан дахь билирубиныг задалж, шарлалтыг бууруулдаг, аюулгүй, үр дүнтэй арга юм.
22. Фото эмчилгээг хэд хоног хийдэг вэ?
23. Үргэлжлэх хугацаа цусан дахь билирубин буурах хурдаас хамаарна. Ихэвчлэн 72-96 цаг үргэлжилнэ. Фото эмчилгээ хийх үед хүүхдийн нүдийг хамгаална
24. Хүүхдийг зөв хооллон, зөв өсөж торниж буйг яаж мэдэх вэ?
25. Хүүхдийг зөв хооллон, зөв өсөж торниж буйг дараах үзүүлэлтээр үнэлдэг.
Үзүүлэлт
Эхийн сүү амьдралын эх булаг. Эхийн сүү - Хүүхдийн өсөлт бойжилтонд хэрэгцээтэй бүхнийг өгч чадах хүүхэд бүрт заяасан байгалийн бүтээгдэхүүн.
26. Хөхний сүүгээр хэрхэн хоолллох вэ?
27. Төрсний дараа аль болох эрт 1 цагийн дотор багтааж амлуулна.
Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа, өдөр шөнөгүй, хоногт дунджаар 8-12 удаа хөхүүл.
Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ.
Эхний 6 сар дан хөхөөр хооллоно. Өөр сүү, ус, бусад шингэн бүү өг.
Хөхөөр хооллолтын ач холбогдол
Хүүхдэд
Эхийн сүү нь хүүхдэд зайлшгүй хэрэгцээтэй шимт бодисуудыг хамгийн зохистой харьцаа, шингэцтэй хэлбэрээр агуулсан юугаар ч орлуулашгүй хоол тэжээл болно.
Ямагт бэлэн, цэвэр, бүлээн байдаг.
Эх үрийн хайрын холбоо улам бэхэжнэ.
Дархлааг дэмжиж халдвараас хамгаална.
Харшлаас сэргийлнэ.
Оюуны чадварыг сайжруулна.
Хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлнө.
Эхэд
Умайн агшилт сайжирна.
Жирэмслэхээс хамгаална.
Илүүдэл илчлэг хуримтлагдахгүй тул таргалахгүй.
Эх үрийн хайрын холбоог улам бэхжүүлнэ.
Хөхний болон өндгөвчний хорт хавдраас сэргийлнэ.
Яс сийрэгжих эрсдэл багасна.
Сүү хэрэгцээтэй үед бэлэн байна.
Зөв үмхэлт
Амаа том ангайсан
Доод эрүү хөхөнд хүрсэн
Доод уруул цорвойсон
Хөхний нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн
Хөхүүлэх зөв байрлал
Хүүхдийн толгой ба бие шулуун байх
Хүүхдийн хамар хөхний толгойн харалдаа, нүүр нь хөх рүүгээ харсан байх
Хүүхдийн биеийг эх бие рүүгээ шахаж тэвэрсэн байх
Эх хүүхдийн биеийг бүхэлд нь 2 гараараа тэврэх
/Эх үрийн холбоо хуудас/
Түгээмэл асуулт хариулт