Мэдээлэл
Хүүхдийн асаргаа сувилгаа
Хүүхэд төрсөн эхний өдрөөс 2 сар хүртэлхи хугацаанд эхийн зүгээс онцгой асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Учир нь энэ хугацаанд гадны орчны олон цочруулуудад дасан зохицох үйл ажиллагаа явагддаг.
- Хүүхдээ хөхөөр хооллох
Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай шимт бодис болон дархлааны уураг агуулагддаг тул хүүхдэд төрөнгүүт дархлаа үүсгэж анхдагч вакцин болдог. 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн амьдрах чадвар бусад хооллолтой хүүхэдтэй харьцуулахад 14 дахин илүү байдаг. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр 5 хүртэлхи насны хүүхдийн эндэгдлийг зонхилох шалтгаан болж буй хатгалгаа, суулгалт өвчний эрсдэлийг бууруулдаг. Эхийн сүүгээр хооллосноор суулгалт өвчний бүх тохиолдлын 50%, амьсгалын замын халдварын бүх тохиолдлыг гуравны нэгээр сэргийлдэг. 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн жингийн илүүдэл ба таргалалтанд өртөх эрсдэлийг 13%-иар, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг 35 хувиар бууруулдаг.
- Нярайн хооллолт
Хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр хооллож, 6 сараас дээш нэмэгдэл хоолонд оруулсанаар хүүхэд хэрэгцээт шимт бодисоо хангалттай авч, хэвийн өсч бойжих нөхцөл бүрддэг.
- Усанд оруулах
Хүүхдийг 3-н сар хүртэл нь өдөр бүр усанд оруулах нь зүйтэй. Энэ нь хүүхдийг чийрэгжүүлж орчинтойгоо дасан зохицоход тусалдаг. Хүүхдээ угаахдаа төрөл бүрийн саван хэрэглэх бөгөөд бууцалсан бүлээн усанд оруулна. Усанд оруулахдаа хэд хэдэн зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд: Хүүхэд халуураагүй, биеийн халуун хэвийн байх, өрөө тасалгаа дулаан байх, ус аа шалгах /тохойгоо дүрж шалгаарай/, хүүхдийг уснаас гарангуут хуурай алчуураар толгойноос хөл хүртэл хуурайшуулж арчина, хүүхдийг түргэн хувцаслах буюу өлгийдөнө, малгай өмсгөх, хүүхдийн ам, хамрыг уснаас хол байлгах, усанд оруулсаны дараа салхи авахуулж болохгүй. Хүүхдийг 3 сар хүрсэнээс хойш долоо хоногтоо 2-3 удаа усанд оруулахад хангалттай. Нярайн хүй 7-14 хоногт цөглөдөг учраас энэ хугацаанд хүйг хөндөхгүйгээр маш болгоомжтойгоор хаттал нь зөөлөн алчуураар арчих хэрэгтэй.
- Нярайг дулаан байлгах-Нярай хүүхдийн биеийн хэвийн халуун 36,5-37,5 хэм байдаг ба тохирсон хувцас болон малгай өмсгөх шаардлагатай. Хүүхдийн өрөө 22-24 хэм дулаан байх тохиромжтой.
- Хамар цэвэрлэх
Нярай хүүхдийн хамрыг эрчилж чангалсан хөвөнгөөр цэвэрлэнэ. Нус хатсан үед салин дусаалгыг эрчилсэн хөвөндөө шингээн, хамрын гадаргуутай тэгш өнцөг үүсгэн 2см хүртэл цааш нь шургуулан эргүүлж цэвэрлэнэ. 10-15 секундын дараа авч өөр хөвөнгөөр хамрын нүхийг цэвэрлэнэ. Хамрыг цэвэрштэл үйлдэл ээ давтана.
- Хуурайлах-Хүүхдийг хооллох бүрт хуурайлах нь зөв юм. Хүүхэд шээсэндээ норж удаан байвал арьс нурах аюултай. Хүүхдийн бөгс, цавь, бэлэг эрхтэнийг бүлээн усаар угааж, зөөлөн даавуугаар дарж арчаад чийгшүүлэх тос эсвэл нуралтын тос түрхэж болно. Охин хүүхдийн бөгсийг цэвэрлэхдээ үтрээ, шээсний сүвд халдвар оруулахгүйн тулд урдаас нь хойш чиглэлтэй угааж арчина.
- Салхинд гарах
Цэвэр агаар нь нярай хүүхдэд чухал хэрэгцээтэй зүйл юм. Сэрүүн улирлын нөхцөлд гадаа температур -5-10 хэм байх тохиромжтой ба 15 хэмээс бага хэмд буюу хүйтэн салхинд гаргах хэрэггүй. Салхинд гаргахдаа хүүхдийн нүүрийг ил гаргаж, хэт халууцуулахгүй, хэт дааруулахгүй тохируулж хувцаслана.
- Нярайн хүй арчлах-Нярай хүүхдийн хүй ойролцоогоор7-8 дах хоногтоо ханзарч эхэлдэг. Хүүхдийн живх сонгохдоо хүйн хамгаалалттай живх сонгох нь зүйтэй. Нярайн хүй ханзарч эхлэхдээ цусархаг эсвэл шар өнгөтэй шүүс гарах боломжтой. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд айх хэрэггүй. Хүйг угааж, цэвэрлэхгүй бол эмгэг болох аюултай. Нярайн хүүг тогтмол угааж, асаргааг зөв хийх юм бол асуудал үүсэхгүй.
Түгээмэл асуулт хариулт